“Монголын зэс” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ онд “Эрдэнэтийн ирээдүй хүүхдүүд” нэгдсэн үйл ажиллагааг санаачлан зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулж, баярын үйл ажиллагаанд нь оролцлоо.
Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар тус төвийн хүүхдүүдийн амьдрал байдалтай танилцаж, авъяас билэг, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагчдыг магтан урамшуулсан юм. Хэдийгээр эцэг эхээсээ өнчирч хоцорсон ч багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчдын хайр халамжинд өсч, хэнээс ч дутахгүй яваа эдгээр хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байгаад талархлаа илэрхийллээ.
ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын яриа
“Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар 39 хүүхэд сурч хүмүүжиж, амьдарч байна. Мөн сурган хүмүүжүүлэгч, багш, тогооч, жолооч гээд нийт 20 орчим хүн ажилладаг. Анх 1992 онд долоон хүүхэд хоёр ажилтантай байгуулагдаж байсан “Энэрэл” төвөөс нийтдээ 500 гаруй хүүхэд сурч төлөвшин, амьдралд хөл тавьсан байна. Тэдгээрээс гадаад дотоодын их дээд сургууль, МСҮТ-д 27 хүүхэд суралцаж төгссөн ажээ. Сонирхуулахад Эрдэнэтийн “Энэрэл”-ээр овоглосон нэг ч хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нь энэ төвийн үйл ажиллагаанд тавьсан сайн дүн гэлтэй.
Шинэ жилийн цэнгүүний үеэр тус төвийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо сонирхуулж, хөгжөөнт тоглоомоор өрсөлдөн, нэг өдрийг баяр баяслаар дүүрэн өнгөрүүллээ.
Үүний дараа Монголын зэс корпорацийн удирдлагууд Эрдэнэт хот дахь Саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төвд нийт 25 хүүхэд хүмүүждэг бөгөөд ердөө тавхан багш ажилтан хариуцдаг нь асрамж шаардлагатай эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамж, хамгаалалтын наад захын шаардлага хангахгүй хэт жижиг байранд, агаар, орон зайн хомсдолтой орчинд эдгээр хүүхдүүд хүмүүждэг юм байна. Байгууллагын зүгээс өргөтгөл хийлгэхээр зураг төслөө гаргаж, 150 сая төгрөг шаардлагатай гэдгээ холбогдох байгууллагад мэдэгдсэн боловч шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөлгүй өдий хүрчээ. Харин Монголын зэс корпорацийнхан байрны өргөтгөлд зориулж 10 сая төгрөгийн хандив өргөөд, ирэх жилд багтаан асуудлыг шийдвэрлэж өгөхөө амлалаа.
Хайр халамж, анхаарал хамгийн их хэрэгтэй байгаа эдгээр хүүхдүүдийн сурч хүмүүжих орчинд ийнхүү дэмжлэг үзүүлсэн нь Монголын зэс корпорацийн ирээдүйд дэвшүүлсэн таван зорилтын чухал хэсэг болсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын нэгэн жишээ юм. Эрдэнэт үйлдвэр үндэсний компани болсноор иргэдийн нийгмийн асуудалд энэ мэтчилэн анхаарал хандуулж, шийдвэрлэх ажлууд ар араасаа хөврөх биз ээ.
Мөн энэ ажлын хүрээнд Эрдэнэт хотын Орос 19-р сургууль, Катюша цэцэрлэгийн хүүхэд багачуудад бэлэг гардуулсан юм. Ноён М.Мөнхбаатар энэ талаар: “Монголын зэс корпарациас Эрдэнэтийн ирээдүйд чиглэсэн “Монголын төлөө Эрдэнэт”, “Нээлттэй шилэн Эрдэнэт”, “Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт”, “Ажилчиддаа ээлтэй Эрдэнэт”, “Ирээдүйгээ харсан Эрдэнэт” гэсэн 5 зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө, Эрдэнэт хотын ирээдүйг харсан сайн сайхан үйлсийг бий болгохоор зорьж байна. Дөнгөж сая Катюша цэцэрлэгийн удирдлага хүүхдийн тоо олон, ачаалал ихтэй, эцэг эхчүүдээс цэцэрлэгийн байр нэмж барих хүсэлт байнга тавьдаг тухай танилцууллаа. Энэ жилийн хувьд бид Эрдэнэтэд сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр барих зураг төслийн ажлыг эхлүүллээ. Удахгүй энэ ажил биеллээ олж, халуун дулаан уур амьсгал бүрдсэн сургууль,цэцэрлэг ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажиллагчдадаа айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж,эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.