Эрдэнэт үйлдвэр Английн Арбитрын шүүхэд хоёр маргаанд хариуцагчаар татагдаад байсны нэг нь ийнхүү шийдвэрлэжээ. Олон жил үргэлжилсэн дээрх хоёр маргааны нэг нь Швейцарь улсад бүртгэлтэй MRI Trading AG компанитай холбоотой асуудал юм.
Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газар тус компанийн хуулийн зөвлөхүүдтэй харилцан зөвшилцөлд хүрсний үр дүнд уг компанид Эрдэнэт үйлдвэрийн төлөх дүнг 534 мянган америк доллараар багасгажээ. Энэ талаар Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам: MRI Trading AG компани концентраци нийлүүлэх гэрээг манай үйлдвэртэй хийсэн. Гэвч Эрдэнэт Үйлдвэр гэрээг зөрчин, тухайн бүтээгдэхүүнийг авахаа зогсоосон.
Уг компани тухайн үед олох байсан орлого, бодитоор гарсан зардлын хохирол хүлээсэн юм. Иймээс Английн Хатан хааны дэргэдэх шүүх 2016 онд Эрдэнэт үйлдвэрт 7,9 сая ам доллар төлөх үүрэг ногдуулсан. Үүрэг хүлээсэн этгээд хугацаанд нь төлөөгүй нөхцөлд үнийн дүн нэмэгддэг. Ингээд Эрдэнэт Үйлдвэр 8 сая 340 мянган ам доллар төлж барагдуулах үүрэг хүлээж, Английн дээд шүүхээс албадан гүйцэтгүүлэх захирамж хуудас бичигдэн, мөн тодорхой албан тушаалтанг Англид зорчиход барьж, саатуулах шийтгэл ногдсон байсан. Бид MRI Trading AG компанийн Хуулийн компанитай гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр тухайн төлбөрийг 7 сая 750 мянган ам доллар болгон шийдвэрлүүлсэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн төлөх дүнгээс 534 мянган ам доллараар багассан гэсэн үг. Эцсийн гэрээ хэлцэл хийж, Английн шүүхээр захирамж гаргуулахад бэлэн болсон байгаа. MRI Trading AG компанид өнөөдрөөс эхлэн өр төлбөргүй болсныг хэлэхэд таатай байна.
Одоо Эрдэнэт үйлдвэрт Английн дээд шүүх дээр Стандарт банктай холбоотой маргаан байгаа юм. Энэ нь 51 сая америк долларын өрийн дүнтэй, хүүгийн зардлын гээд олон нэхэмжлэлтэй аж. Үүнийг 2017 онд багтаан Эрдэнэт үйлдвэрт ашигтайгаар шийдвэрлүүлэхээр Хууль Эрхзүйн газрынхан ажиллаж байна.