“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, ЗГХЭГ-аас өгсөн чиглэлүүд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гарсан албан тоот зэрэгтэй холбогдуулж “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Түүнээс гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьцаа эзэмшигчийн хувиар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дангаараа зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, хурлын шийдвэрүүдэд болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд холбогдуулж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр болон тус тэмдэглэлийг хэрэгжүүлэх хүрээнд дагаж гарсан ЗГХЭГ-ын даргын чиглэл, ТӨБЗГ-ын даргын тушаал, ОӨУБЕГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүхээс “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг ОӨУБЕГ-т даалгасан байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТӨБЗГ-ын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дангаараа зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гаргасан бүх шйдвэрийг хууль бус, хүчингүй болохыг тогтоосон байна. Улмаар “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлаас томилогдсон буюу Монголын зэс корпорацийн төлөөлөл бүхий ТУЗ нь одоог хүртэл хүчин төгөлдөр болохыг баталгаажуулсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТӨБЗГ-ын үйлдэлтэй холбоотой тайлбар хийхдээ “эрхээ хэрэгжүүлэх нэрээр хуулиас гадуур бусдын өмчлөх, эзэмших эрхэд дур мэдэн халдах, өмчлөгч, эзэмшигчийнх нь оролцоогүйгээр түүний эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй тул бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан байна” гэж дүгнэсэн.