Монголын зэс корпорац Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хүүхэд хөгжлийн төвд 10 сая төгрөг хандивлалаа. Тус төв энэ санхүүгийн дэмжлэгээр хуучирч, элэгдсэн байраа сэргээн засварлаж, шинэ хичээлийн жилийг тохилог сууцтай угтахаар болов. Монголын зэс корпорац "Эрдэнэтийн ирээдүй таван зорилт” дэвшүүлсэн. Эдгээр зорилтын нэг болох "Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт" зорилтынхоо хүрээнд уг хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж буйг тус корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин онцоллоо. Цаашид ч Орхон аймагт нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллана гэдгээ тэрбээр дуулгав. Тэгвэл Хүүхэд хөгжлийн төвийн зохицуулагч Д.Одгэрэл “нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн төлөөлөл болсон Монголын зэс корпорацын хамт олонд туйлын их талархаж байна.
Өнгөрсөн арван хоёрдугаар сард бид “Дэргэд минь байгаад баярлалаа” нэртэй талархлын арга хэмжээ зохион байгуулсан. Уг арга хэмжээнд Монголын зэс корпорацын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар оролцож, санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан. Энэ амлалтаа ч марталгүй биелүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” гэв. Санхүүгийн тусламжаар хуучирсан байраа засварлана. Биднийг зочлох үед тус төвийн байр хуучирч, муудсан нь ажиглагдаж байлаа. Байрны хэд хэдэн өрөөний хана хагарч, нурсан. Мөн дээврийн хэсэг нь элэгдэж, борооны ус нэвтэрч эхэлсэн байна. Тэгвэл эдгээр асуудлыг Монголын зэс корпорацын санхүүгийн дэмжлэгээр шийдэхээр төлөвлөж буйгаа тус төвийнхөн мэдээллээ. Мөн хүүхэд, залуусын асаргаа сувилгаанд шаардлагатай тоног, төхөөрөмжийг авахаар судалж байгаа ажээ. Ирэх намар гэхэд бүрэн засварласан төвдөө хүүхэд, залуусаа хүлээн авах боломжтой болсондоо багш нар ч баяртай байв. Хүүхэд хөгжлийн төвийн суралцагч Э.Сэлэнгэ хүүхдийн төлөө ялангуяа анхаарал халамж шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст санаа тавьж, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Монголын зэс корпорацын хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Шүлгээрээ сүлсэн цай” нэртэй шинэхэн номоо өлгийдөн аваад удаагүй бөгөөд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож шинэ уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа. Энэ төвийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд санаачлан 2012 онд байгуулж байжээ. Өдгөө тав дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй аж. Анх долоон хүүхэдтэй эхэлж байсан тус төв өдгөө 36 суралцагчтай өнөр өтгөн гэр бүл болжээ. Тэдний 12 нь хоёроос долоон насны, 24 нь наймаас дээш насны хүүхэд, залуус. Дашрамд дурдахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийнхөн энэ онд амжилт бүтээл арвин байна. Тус төвийн хоёр суралцагч энэ онд Австри улсад болсон тусгай Олимпын наадмаас алтан медаль хүртсэн байна. Мөн төдий тооны суралцагч шүлгийн номоо өлгийдөн авчээ.