“Монгол зэс корпораци” нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотод “Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж, шинэ жилийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 9-нд албан ёсоор нээлээ. Хот байгуулагдсаны 40 жилийн түүхэнд хувийн хэвшлийн санаачилгаар хийгдэж байгаа нийгэмд чиглэсэн анхны томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ энэхүү гэрэлт гудамж онцлог болжээ. Нээлтийн ёслолд хотын иргэд олноороо оролцож, эгээ л шинэ жилээ тэмдэглэж буй мэт баяр хөөртэйгөөр нэг үдшийг өнгөрөөв.
“Хот маань ийм сайхан гудамжтай болсонд үнэхээр сэтгэл хөдөлж байна” хэмээн өндөр настан Галсан хэлсэн бол найз охиноо дагуулан явж буй Гантулга “Хот маань анх удаа ийм гэрэлт гудамжтай болсонд сэтгэл өндөр байна. Цаашид найз нөхдөө дагуулаад явахад сайхан юм. Хотоос найзууд ирэхэд сонирхуулах юм нэгээр нэмэгдлээ” хэмээн ярилаа. Энэ өдөр гэрэлт гудамжийг албан ёсоор нээснээс гадна шинэ жилийн баярыг угтан 2016 оноос уламжлал болгон зохион байгуулж буй Сүлд модны гэрэл асаах ёслолын арга хэмжээ дахин болсон юм. Ёслолын арга хэмжээнд хотын иргэдээс гадна “Шар айраг” хамтлаг, дуучин Б.Амархүү, Б.Маралжингоо тэргүүтэй урлаг соёлын одод оролцож, ая дуугаа өргөлөө. Сонирхуулахад, 300 метр үргэлжлэх энэхүү гэрэлт гудамжийг байгуулахад 20 сая төгрөг зарцуулжээ. Хувийн хэвшлийнхэн цомхон төсвөөр томоохон бүтээн байгуулалт хийж болдгийн нэг жишээ энэ боллоо хэмээн иргэд ам сайтай байв.
Эрдэнэт хотын 40 жилийн түүхэнд хувийн хэвшлийн санаачилгаар хийгдэж байгаа нийгэмд чиглэсэн анхны томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог юм.