Article by Forbes Mongolia
Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн Оросын талын 49 хувь эх орондоо ирж, “Монголын зэс корпораци” эзэмших болсныг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнөхөн мэдэгдсэн нь нийгэмд томоохон шуугиан дэгдээж орхив. Их, багагүй энэ сэдэвт анхаарлаа хандуулж, улс төрийн хүрээнд ихээхэн хэлэлцүүлэг өрнөсний эцэст дээрх 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гарсан билээ. “Үүний дараа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бид Захиргааны болон Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёр шатны шүүх хянаад 49 хувийг хүчээр булаасан нь хууль бус үйлдэл гэдгийг тогтоосон” хэмээн тухайн үед дээрх хэлцлээс ч дутахааргүй олны анхаарлын төвд орсон Ц.Пүрэвтүвшин ярьж байна. “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал тэрбээр компаниа гаднын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх чадвартай болгохын тулд ирээдүй рүү чиглэсэн нүүдэл хийж байна. Компанийнхаа богино болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөд анхаарч, тогтвортой өсөлт бий болгохыг тэр зорьж буй.
“Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Учир нь Монгол Улс дэлхий дахины нэг хэсэг. Тиймээс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчмаар л хөгжинө шүү дээ. Хаа нэгтээх ширэнгэн ойн дүрмээр бид хөгжихгүй. Гэхдээ Монгол Улс хөгжинө гэсэн олон нийтийн чин эрмэлзэл байгаа цагт хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн, хүмүүст ямар ч аргаар хамаагүй таалагдах ганцхан зорилготой маш цөөн улстөрчийн дураараа аашилдаг байдал хэвээр хадгалагдана гэж бодохгүй байна. Хүн ямар ч ажил хийдэг бай түүндээ мэргэжлийн болох нь чухал. Бизнес эрхлэгчид нь бизнесээ эрхэлж, улстөрчид нь хуулиа батлахдаа л мэргэжлийн байх нь чухал. Эсрэгээрээ аль алийг нь сонирхогчийн түвшинд хийж, эргэн тойрон, нийгэмд гай болохоо зогсоох хэрэгтэй” хэмээн Ц.Пүрэвтүвшин эрс шийдэмгий өгүүллээ.
“Монголын зэс корпораци”-ийн хамт олон “Эрдэнэт”, “Монросцветмет” үйлдвэрийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, техник, технологийг нь сайжруулан, орчин үеийн стандартыг нэвтрүүлж, үр ашигтай ажиллах талаар цогц хөтөлбөр боловсруулж буй. “Хоёр улсын Засгийн газрын өмч байсан үйлдвэр эзэнгүйдэж, шинэчлэл өөрчлөлт хийгдэхгүйгээр орхигддог юм байна. Мөн удирдлагууд нь тогтвортой бус, сонгуулиас сонгууль хооронд өөрчлөгддөг болохоор нэгдсэн бодлого, хэтийн төлөвлөгөө алдагдсан. Засгийн газрын бодлого эрс өөрчлөгддөг ийм үед үйлдвэрийн удирдлагын бодлого тогтвортой байна гэж хүлээх нь зохимжгүй ч юм шиг. Үр ашиггүй олон жижиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нэгдсэн алдаа дутагдлаа засаж, залруулахгүй явсаар нэлээд асуудал үүссэн байна. Эдгээр нь хүн хүч, цаг, хөрөнгө оруулалт их шаарддаг учраас үүнд төвлөрөн ажиллаж байна” хэмээн Ц.Пүрэвтүвшин тайлбарлав. Өнгөрсөн хугацаанд “Монголын зэс корпораци”-ийнхан бизнес эрхлэгчид дор бүрнээ бизнес эрхлэхээс илүү дотоодын хөрөнгө оруулалтын ач холбогдол, мөн чанарыг нийгэм, эрх баригчдад ойлгуулах ажлыг тогтмол хийх шаардлагатай гэдгийг ойлгожээ. “Бид сүүлийн хэдэн жил гаднын хөрөнгө оруулагч гэж их гүйлээ. Эцэстээ тэднийг муулж, Монголын баялгийг цөлмөж байна гэх мөртлөө дотоодын зах зээлээ хамгаалах, дэмжих алхам хийхгүй байна. Гаднын хөрөнгө оруулагчдыг муулах бус тэднээс илүү үүрэгтэй дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих тодорхой алхам хийх хэрэгтэй” гэж тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Бизнесийн шинэ санаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхэд зохицуулах байгууллага болон иргэдийн ойлголт бага байгаагаас шалтгаалан ойлголцлын зөрүү үүсэж, сөрөг байдлаар хандаж байгааг тэр ажиглажээ. “Манайх шиг жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай улсын хувьд аливаа шинэ зүйлд хариу үйлдэл хурдан үзүүлж, мөн хүлээн авах боломжтой. Шинэ зүйл бүхэн сайн байх албагүй. Гэвч тухай бүрт нь ямар нэг шийдэл гаргаж, урагшаа алхах хэрэгтэй. Хамгийн муу шийдвэр бол шийдвэр гаргахгүй байх. Тэгэхээр удирдах түвшний хүмүүс аль болох оновчтой шийдвэр гаргаж, ажлаа урагшлуулдаг байх нь чухал. Өнгөрсөн асуудлаа шүүмжилж, өнгөрснөөрөө амьдрах нь хувь хүнд ч, улс оронд ч сайнгүй. Улс орон, компаниуд ирээдүйгээ олон жилээр төлөвлөдөг болохоос өнгөрснөө хэдэн сар, жилээр хэлэлцэж суудаггүй. Энэ зарчмын дагуу бид ч мөн адил ирээдүйд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө боловсруулаад завгүй ажиллаж байна” хэмээн Ц.Пүрэвтүвшин онцлов.
Сүүлийн үед тэрбээр технологийн салбарын мэдээ, мэдээллийг ихээхэн сонирхох болжээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани бүтээгдэхүүний өртгөө бууруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг асуудалд байнга анхаарч ажиллах шаардлага тулгардаг. Харин эдгээрийг гүйцэлдүүлэх хэрэгсэл бол технологи хэмээн Ц.Пүрэвтүвшин үзэж буй. “Уул уурхайн их хөрс, хүдрийг автомашинаар бус туузан дамжуургаар, хяналт, харуул хамгаалалтаа олон хүн хүчээр бус дроноор гүйцэтгэж, дизель, бензин бус цахилгаанаар ажилладаг автомашин ашиглаж байна. Дэлхий даяар өрнөж буй энэ ололт, шинэ үр ашигтай санаачилгаас хоцрохгүйн тулд ямагт судалж, анхаардаг. Бидний хувьд технологи харьцангуй өндөр хөгжсөн банк, харилцаа холбооны салбараас дутахгүй уул уурхайн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх бодолтой байгаа. Тиймдээ ч ойрын хугацаанд энэ салбарт нэлээд анхаарал хандуулж, цаг зарцуулж байна” хэмээн тэрбээр ярьж байна. Гэхдээ хүмүүсийн уламжлалт сэтгэлгээ, дадсан зүйлийг шинэчилж, цоо шинэ зүйл нэвтрүүлэхэд аль ч салбарт ялгаагүй хүндрэлтэй байдгийг тэр учирлав. “Анзаараад байхад хувь хүн өөрөө, эсвэл нийгэм бүхэлдээ өөрийн мэдэлгүй нэгэн хэвийн амьдралын урсгал, хэв маягт орж, тэндээ уусаж, анзаарахаа больдог юм шиг. Түүнийг нь шинэчилье, өөр арга барил нэвтрүүлье гэхэд санаачилгатай хүлээн авдаг хэсэг нь тун цөөн бөгөөд эсэргүүцэх, заримдаа бүр зогсоох, гацаах нь их. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд улс орнуудад болсон шинэчлэл, хувьсгал түүхэн ач холбогдолтой цаг үе болж үлддэг. Ийм уламжлалт, нэг хэвд баригдсан хандлага улс төр, бизнесийн сектор, аж ахуйн нэгжүүдэд байнга ажиглагддаг. Энэ зөвхөн надад ч бус өөр олон хүнд тулгардаг бэрхшээл байх. Энэ тал дээр хувийн хэвшил харьцангуй гайгүй гэж харж байна. Харин төрийн зохицуулах байгууллага, төрийн албан хаагчид энэ уламжлалт байдлаасаа салж, шинэчлэл хийн, хувийн хэвшлээ түүчээлэх хэрэгтэй. Эдийн засаг хөгжихөд гавьяаг нь улстөрчид өөртөө хурдан наадаг бол эдийн засаг уналтад ороход бүх бурууг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид руу түлхдэг нь зөвхөн Монголд ч бус өөр олон улсад гарсан үзэгдэл юм билээ”.
Алдаа төдийгүй амжилтаасаа ч сурах хэрэгтэй гэж хаа нэгтээгээс уншсан тэрбээр нийгмээрээ хамт хөгжих хэрэгтэй гэж бодох болжээ. “Таны танин мэдэхүй дэлхийн түвшинд байсан ч хийж гүйцэтгэсэн бодит эерэг үйл хэрэг нийгэмд буруу харагдах тохиолдол гардаг. Ямар ч сайн зүйлийг харлуулж, муу зүйлийг сайн болгож сурсан, түүнийгээ өөрсдийн эрх ашигтаа ашигладаг хүмүүс их байгаа нь харамсалтай. Тиймээс ажил хэргийн ертөнцийн ямар ч чухал зүйл байсан нийгмээ мартахгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй” хэмээн тэр тэмдэглэв.
Хийхээр зорьж буй олон ажлаа цаг хугацаатай уралдан, аль болох залуудаа амжуулах юмсан гэж бодохоос гадна хүн бүрт тууштай, ажил хэрэгч, хурдтай, хөдөлмөрч чанар байх ёстой хэмээн ярих тэрбээр баг хамт олон, асуудлыг таньж ойлгох гэсэн эерэг хандлага, зарчимч байдал мөн чухал гэдгийг нэмж тодотгосон юм. Түүнийхээр одоогийн байр байдалдаа дасаж, сэтгэл хангалуун байх нь залуу хүний хамгийн гол дайсан. Тиймээс байнга суралцах ёстой. “Ямар ч бизнесийг шинээр эхлүүлэх, эсвэл худалдаж авах амархан. Харин бизнесээ тууштай хөгжүүлж хувьцаа эзэмшигч, нийгэмдээ үр өгөөж, ашиг хүртээх нь өөрөө маш их хөдөлмөр, хүч, цаг хугацаа, тэвчээр шаарддаг гэж боддог. Тиймээс цаашид хийх ажил өнөөдрийнхөөс илүү чухал” гэх Ц.Пүрэвтүвшиний үг, үйлдэл бүхэн ирээдүй рүү чиглэжээ.