“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргааныг Улсын Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эцэслэн Монголын Зэс Корпорацийн талд шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Оюуны өмч улсын бүртгэлийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК дахь Монголын Зэс Корпорацийн 49% хувьцаа эзэмшлийн хууль ёсны эрхийг сэргээж, хуулийн этгээдийн гэрчилгээг өнөөдөр шинэчлэн олголоо.
Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч улсын бүртгэлийн газарт тус тус чиглэл болгон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу Монголын Зэс Корпорацийн хууль ёсны өмчлөх эрхийг сэргээсэн нь чухал үйл явдал боллоо. Өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэр нь хууль бус байсныг Улсын Дээд шүүхээс тогтоосныг одоогийн Засгийн газар биелүүлж байгаа нь хууль дээдлэх ёсыг хүндэтгэсэн үйлдэл юм.
Ийнхүү жил дамнан өрнөсөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаан хуулийн хүрээнд нэг мөр шийдэгдэж, төр хувийн хэвшлийн хамтарсан байдлаар “Эрдэнэт үйлдвэр” цаашид үйл ажиллагаагаа явуулахаар болж буй нь зөвхөн дотоодын бизнесийн орчныг сайжруулах чухал алхам төдийгүй гадаадад Монгол улсын нэр хүндийг сэргээхэд түлхэц болох учиртай.
Энэхүү асуудал Монголын Зэс Корпорацийн асуудал гэхээс илүүтэйгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон зуун гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон мянган дотоодын аж ахуй нэгжид хууль ёсны эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалах, шүүхээр маргааны шударгаар шийдүүлэх эрх зүйт төр байгааг сануулсан гэдгээрээ онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Цаашид Компанийн тухай хуулийн дагуу цөөнх хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашигт хүндэтгэлтэй, эрх тэгш, шударгаар хандаж үйлдвэрийн үр өгөөж, төсөвт төвлөрүүлэх татвар хураамж нэмэгдүүлэх, мянга мянга үйлдвэрийн ажиллагсдын асуудлыг нааштайгаар шийдэхэд нягт хамтран ажиллана гэж найдаж байна.
МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК