Эрдэнэтийн ТУЗ хэвийн үйл ажиллагаандаа эргэн оржээ. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн тухай асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал тус үйлдвэр дэх үндэсний хөрөнгө оруулагч "Монголын зэс корпораци" ХХК-ийн өмчлөлийг сэргээсэн билээ. Тэгвэл өчигдөр "Эрдэнэт"-ийн ТУЗ хуралдаж, шийдвэр хүлээсэн олон асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан компанийн эрүүл засаглал, стандартын дагуу хэвийн ажиллах нөхцөл бололцоо бүрдлээ.
"Эрдэнэт"-ийн ТУЗ-д төрийн төлөөлөл тооны хувьд давуу, захирлыг мөн төрөөс томилсон. Гэсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлийн хяналт дор “Эрдэнэт үйлдвэр” илүү ил тод болж, олон нийтийн хяналт сайжирсан нь бодит үр дүнгээ өгсөн тоо баримт бий. Тухайлбал, 2016 онд ганцхан нээлттэй тендер явуулж байсан үйлдвэр 2017 онд 500 гаруй нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн хувийн хэвшлийн менежментийн үр дүнд "шахааны" бизнесийг тууштай цэгцэлж, зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ нь 14 цэцэрлэг, иж бүрэн эмнэлэг тавыг барих хөрөнгө ажээ.
Ийнхүү хэмнэлт хийж, ашигтай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нь ч үлэмж нэмэгдсэн талаар Эрдэнэт хотноо болсон Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.