ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.” гэсэн хуулийн заалтыг үндэслэн Монголын Зэс Корпораци ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт хүргүүлэв.

Төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэр, улсад их хэмжээний хохирол учруулж, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн 51 хувийг гадаадын (Хятадын) банкны барьцаанд тавьсан асуудал үүсч Лондон дахь олон улсын арбитрын шүүхээр Монгол Улсад онц их хэмжээний хохиролтойгоор шийдэгдээд байгаа.

Гэтэл гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа энэ мөчид төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах зорилгоор үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах ажиллагааг хийж болзошгүй байна. Энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудыг (Стандарт банкны холбоотой хэрэгт ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүд) ажлаас нь хоморголон халах, өөрсдийн төлөөний хүмүүсийг нь байршуулах зэрэг хууль бус үүрэг, даалгаврыг хариуцсан төрийн агентлагт өгч, шахалт үзүүлсэн байж болзошгүй тул уг ноцтой асуудлыг анхааралдаа авахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүслээ.

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК