Түүхэн тогтоолыг зэс эрдэнээр сийлж, “Эрдэнэт үйлдвэрт”-ээ бэлэглэв

1978 онд үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулж, анхны баяжмалаа галт тэргэнд ачуулж асан “Эрдэнэт үйлдвэр” 40 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Монгол орны өнцөг булан бүрээс илгээлт өвөртөлсөн залуус энэ хотын зүг чиглэж, Эрдэнэт овооны дэргэд эдүүгээгийн Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн тэртээх он жилүүдийн эзэд болсон уурхайчид тэгш ойн баяраа “Бид эрдэнэсийн эзэд” сүрт жагсаалаар эхлүүлж, баяр наадмаа үргэлжлүүлсэн юм. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн наадмыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үр дүнд насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн” хэмээсэн нь тус үйлдвэрийн ажилчид хийгээд эрдэнэтчүүдийн хувьд ирээдүйг улам гэрэлтүүлэх өөдрөг мэдээ байлаа. Наадмын нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн 49 хувийн эзэмшигч “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир, О.Баасанхүү, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга У.Бямбасүрэн нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ өдөр эрдэнэтчүүдийн хувьд тус үйлдвэр зуун хувь Монголын өмч болсны хоёр жилийн ой давхцсан давхар баяр тохиосон юм. Өнгөрсөн хоёр жил Эрдэнэт үйлдвэр түүхэндээ байгаагүй амжилттай ажилласныг тус  компанийн  удирдлагууд хэлж байна. 

Тухайлбал, 2017 онд улс орон нутгийн төсөвт 580 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. Ингэснээр зэсийн үнэ дэлхийн зах зээлд 10 мянган ам.доллар давж байсан үеэс ч их  татварыг  улсад төлсөн  гэсэн үг. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд түүхэн дээд амжилт юм.

ОХУ-ын өмч байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголдоо авчирч, “зууны манлай” үйлдвэрээ зуун хувь үндэсний компани болгосон “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар наадамчин олонд хандан хэлсэн үгэндээ “Тэртээ 40 гаруй жилийн өмнө тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо, ЗХУ-ын Улс төрийн товчооноос зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэр байгуулах тухай тогтоол гаргаж байсан түүхтэй. Тэрхүү түүхэн тогтоолыг бид архиваас олж авсан юм. Үүнийгээ бид орос, монгол хэлээр зэс эрдэнээр сийлж бүтээлгэснийг үйлдвэрийн удирдлагад хүндэтгэлтэйгээр гардуулж байна. Үе үеийн уурхайчдын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн энэ үйлдвэрийн ирээдүйн төлөө “Монголын зэс” корпорацийн хамт олон уурхайчдынхаа хамтаар мөр зэрэгцэн зүтгэх болно” хэмээв. 40 жилийн тэгш их ойн  өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Дэд дарга Г.Байгальмаа гардуулан өгөв.