ДУРСАМЖ ДҮҮРЭН АЯЛАЛ

Энэ онд 40 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК нь 100% Монголын үндэсний компани болоод 2 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд үйлдвэрийн хувьцаа эзэмшигч Монголын Зэс Корпораци нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эрдэнэтийн ирээдүй 5 зорилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж ирлээ. Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй, ил тод болгох, энгийн уурхайчин ажилтнууд, Эрдэнэт хотын оршин суугчдад үйлдвэрийн үр шимийг хүртээх зорилготой энэхүү хөтөлбөр нь олон жил тасралтгүй үргэлжлэх юм.

Энэ хүрээнд Монголын Зэс Корпорациас Эрдэнэтийн ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачууддаа чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Энэ оны 6-р сард хүүхдийн баярыг тохиолдуулан Эрдэнэтийнхээ багачуудад олон улсын хүүхэлдэйн театрын тоглолтоор бэлэг барьж байсан бол энэ удаа Эрдэнэт хотынхоо сурлага, хөдөлмөр, авъяасаараа тэргүүлсэн зарим сурагчдыг Байгаль далайн эрэг дээрх ОХУ-ын “Байкальские Волы” зусланд амраах эрхээр шагнан урамшууллаа. Энэ удаагийн үйл ажиллагааг Орхон аймгийн Боловсролын газар, Эрдэнэт үйлдвэрийн харъяа 19-р дунд сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд 2 ээлжээр нийт 82 сурагчдыг хамрууллаа. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийн хуудсанд Оросын ард түмний соёл, ёс заншил, найрсаг харилцаа гүн шингэн үлдсэн байдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд ч Эрдэнэтийн хүүхэд багачууд Байгаль далайд амарч ах дүүгийн найрамдалд харилцаатай Оросын соёлоос суралцах, найз нөхөдтэй болох сайхан завшаан тохиож буйн зэрэгцээ бага насны нандин дурсамжтай болох юм.

Монголын Зэс Корпораци нь “Эрдэнэтийн ирээдүй 5 зорилт”-ыг цаашид улам өргөжүүлэн ажиллах болно.

Монголын Зэс Корпораци